Tuesday, August 9, 2011

Аз жаргалын эрэлд /Хоёрдугаар хэсэг/

      -Тийм дээ, одоо би чамайгаа яах ч билээ. Болдог бол цаг хугацаа танд сөхөрч мөргөөд ч болов намайг арван жилийн тэртээх анхны хайрын минь тэнд хүргэж өгөөч гэж гуйхсан, тэгвэл би түүнийгээ хэзээ ч орхихгүй..., хэзээ ч... гэж үнэн сэтгэлээсээ шимшрэхэд Гэрлээгийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс дүүрээд ирэв.
Ийнхүү бодолд автан цонхонд духаа нааж зогсох зуур нэг мэдэхнээ бамбарууштай зүүлтээ зүрхэн тушаа авчраад, алгандаа чангаас чанга атгачихсан буйгаа өөрөө ч анзаарсангүй. Харин цонхны цаана намрын тэнгэр уйтайхан шиврээд л, мөчрөөсөө тасарч унасан навчис бүр дээр халаглан бууж, нулимсан дуслаараа үнсэх нь алдаж гишгэлсэн хором бүрийнхээ тоогоор харуусан мэгших бүсгүйд хань болох мэт. Гэрлээ алгуурхан нүдээ нээж цонхоор харвал тэнд Тулгаа эхнэрээ шүхрээр халхлан байж ганган төмөр хүлгийнхээ хаалгыг уриалгахан нээн, хайртай түүнийгээ аваад бороон дундуур явж одоход ард нь норж шалчийсан навчис замын тогтоол усанд шидэгдсээр хоцров. Гэрлээ:
 -Яасан ч уйтгартай юм бэ дээ...  хэмээн том гэгч нь шүүрс алдаад орон дээрээ хэвтлээ. Хэдийгээр маргааш эмнэлгээс гарах гэж байгаа ч Тулгатай тухтай ярилцах боломж нэгээхэн удаа ч олдсонгүй. Байнга л энд тэнд дуудагдаж, өвчин зовлон, үхэл хагацал бүхнээс хүмүүсийг аварч явдаг цаг завгүй түүнийг дуудаад уулзна гэдэг бүтэшгүй болоод бүдүүлэг хэрэг. Тэгээд ч:
-Одоо ямар нүүрээрээ түүнтэй ярилцах вэ дээ, юугаа ч хэлэх билээ. Хувь тавилан ингэж төөрөлдүүлсээр намайг заавал Тулгаагийн эмнэлэгт авчирдаг нь ч юу билээ. Би түүнийг яаж хаяж явсан байхад..., гэтэл одоо намайг эмчилж л байдаг, бид уг нь тааралдаагүй нь дээр байсан юм гэж элдвийг бодон сэтгэл нь үймрэх хэрнээ басхүү:
-Хэрэв..., хэрвээ ярилцах боломж гарвал би юу гэх билээ? гэх бүтэлгүй бодол орж ирмэгц өнгөрсөн хугацаанд өөрт нь юу тохиолдсон, хэрхэн харийн нутгаас амь тэмцэн байж эргэж ирсэн тухайгаа Тулгаад хаанаас эхэлж, яаж тайлбарлахаа яг одоо байцаагдах гэж буй мэт эргэцүүлж эхлэв. Гэрлээ тааз ширтэн хэсэг хэвтсэнээ нүдээ аниад тэртээх жилүүдийн тухай бодож гарлаа.
Их Британийн нийслэл Лондон хот. Өндрөөс өндөрт гялалзах шил толь болсон үзэсгэлэнт барилгууд, цэмцийсэн, тоос шороогүй гоёмсог гудамжууд, хаашаа ч харсан найрсаг үгсээр  инээмсэглэн угтах том алаг нүдтэнүүд гээд юм бүхэн түүнд сонин содон санагдаж ёстой л гайхамшигт оронд ирсэн мэт санагдана. Энэ бүхэн, шинэ газар, шинэ ертөнц. Амьдралдаа хэзээ ч очиж үзээгүй тийм гайхамшигт холын орон. Анх очход нь Эдвард түүнийг онгоцны буудал дээр тосон авч билээ. Хайртай хосуудын нэгэн адил халуун дотноор тэврэлдэн уулзаж, харь нутгийн бэр болохоор нүдээ бүлтгэнүүлэн биеэ барьсаар хадмынхаа царайг харахаар орвол харин тэр гоёмсог байшинд хүнхэр нүдтэй настайвтар гэрийн үйлчлэгч эмэгтэйгээс өөр хүн байсангүй. Ирээдүйн хадам болох эцэг эх нь аялан жуулчлахаар байнга л гадагшаа явдаг гэх. Байсхийгээд л өөр өөр орон газраар аялж, тэгсгээд аялах зугаалах хугацаа нь сунгагдсан гэх нэрийдлээр нэг ч удаа нүүр тулж уулзсангүй.
Ингээд үлгэрийн юм шиг гайхалтай өдрүүд эхлэв. Цаг хугацаа хэрхэн яаж өнгөрч байсныг ч бүү мэд. Өдөр бүр шинэ содон газруудаар зочлоод л, зугаалаад л, энэ бүхэнд согтох мэт сэтгэл зүрх нь үүлэнд хөвөх шиг үүнийг ч, түүнийг ч гайхан шагширсаар өнөө сургуульд суралцах маань ч яалаа.  Амьдралыг дандаа л тийм сайхнаар үргэлжлэх юм шиг санаж, ер нь Гэрлээ шиг жаргалтай хүн тэнд байгаагүй гэмээр. Ар гэрийнхэнтэйгээ утсаар ярихдаа аялал зугаалга, мөрөөдлийн байшин, ажилсаг гэрийн үйлчлэгч гээд л хүссэн бүхнээ авч, энд үнэхээр аз жаргалаа олсон гэдгээ баяртайгаар хэлж тэднийхээ сэтгэлийг амраана. Харин жилийн дараа гэхэд цэцгээр зулсан зун буцдаг шиг дэвэрсэн их баяр хөөр аяндаа л сүүмийж, асуудал ар араасаа үүсэх нь тэр. Эдвард нэг л өдөр яаран сандран Гэрлээг аваад өөр тийш явах болсноо хэллээ. Хаашаа, яах гэж явах, юу болсон тухай нь асуухад тэрээр Солонгос Улсад гурван сар багшлах ажилтай болсон гэнэ. Угаасаа гадаадын орнуудад англи хэлний дамжаанд багшилдаг ажилтай түүний энэ жилийн ажлын эхний хуваарь юм гэнэ. Бүтэн жил болоход ар гэрийхэнтэй нь ч танилцаагүй байж ингээд явчхаж боломгүй санагдах тул Гэрлээ Эдвардад энэ бодлоо хэллээ. Эдвард:
 -Биднийг Солонгосоос эргэж ирэхэд аав, ээж Нью-Йоркоос буцаж ирсэн байх тул тэр үед танилцуулахад оройтох юмгүй тул санаа зоволтгүй гэж нэг л хүйтэн хөндий ч гэмээр аястай хэлэхэд нь Гэрлээ бага зэрэг гайхсан ч энэ ярианы сэдэв тэгсхийгээд дууслаа. Харин эдгээр бүх хугацаанд Гэрлээ эгч дүүсээс ялгаагүй багын найз Ундралтайгаа байнгын холбоотой байсан тул Солонгос Улс руу явах болсон тухайгаа мөн л түүнд хэлсэн билээ. Ундрал цаанаа л нэг эгч хүн шиг хүний газар болгоомжтой явахыг дотночлон сануулж, ар гэрийхэнд нь сайн явааг нь дуулгахаа амлаад, түүний Солонгост ажилладаг холын хамаатан болох Хангай ахыг нь заавал олж уулзахыг аминчлан захисан учир Гэрлээ гар утасных нь дугаарыг тэмдэглэж аваад, Лондонгоос нисэхээсээ өмнө түүнд зориулж бяцхан бэлэг хүртэл бэлтгэж амжив. Долоо хоногийн дараа тэд Солонгос улсад хүрэлцэн ирлээ.  Чухам тэр л үеэс хамаг асуудал эхэлсэн юм. 
Тэд замын турш элдвийг ярилцан хөөрч, Гэрлээ аз жаргалтай сүйт бүсгүйн сайхан инээмсэглэлээ харсан бүхэнд гайхуулах мэт гэрэл цацруулж явахдаа энэ бүх жаргалтай мөчүүд маргааш гэхэд хаашаа эргэх тухай төсөөлөх ч ухаан байсангүй. Хэмжээ хязгааргүй урсах цаг хугацаатай хамт хөнгөн цагаан онгоц хөлөглөн ниссээр тэд нэг мэдэхэд л Солонгос улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Эдвард хэлмэрчтэйгээ утсаар ярьж, өнөөдөртөө Сөүл хотын захад нэгэн зочид буудалд хоноглоод, маргааш эртлэн хичээл заах сургуульдаа очихоор болов. Тэд шинэ хотод ирснээ тэмдэглэн баясч, ойр хавийн дэлгүүр хэсч энэ тэрийг сонирхсоор, дээр нь амтат дарс багагүй хүртсэндээ ч тэр үү, аян замын уртад алжаасандаа ч тэр үү Гэрлээ маш их ядарсан байлаа.
Харь газрын илч муутайхан гандуу нар манан будан сүвлэн шагайж, хацар нүүрэн дээр нь тусахуйд Гэрлээ сая нэг сэрлээ.  Нүдээ аниастай хэвээрээ буруу тийш хөрвөөж, нэг гараараа Эдвардыг хайж ороо тэмтэрвэл байсангүй. Нозоорсон нойрноосоо арай ядан өндийн байж харвал тэр үнэхээр байхгүй бололтой. Хаачсаныг нь гайхаж ядан угаалгын өрөө, зочны өрөөнд ортол  Эдвард байтугай, түүний гэх юм юу ч алга байлаа. Гэрлээ яаран утсаа авч залгавал гар утас нь холбогдсонгүй. Энэ л үед түүний нуруугаар хүйт даах шиг болоод ирэв:
-Үгүй, арай ч ингээд орхиод явмааргүй юм даа, ойрхон л гарсан байж таарна гэж найдлаа ч хаанаас ч юм далдын айдас түгшүүр түүнийг эзэмдэн зүрхийг нь базална.
Нүүр амаа будаж, хувцас хунараа цэгцлээд нэг цаг хүлээлээ. Хоол унд эргүүлэн өрөөн дотроо холхисоор хоёр цаг, ийш тийш залгаж элдэв бодолд дарагдсаар, хүний газар хаашаа, хэнийг гэхээ мэдэхгүй тэвдсээр нэг мэдэхнээ үд дунд өнгөрлөө. Эдвард ирсэнгүй, хичнээн залгаад ч утас нь холбогдсонгүй.
-За байз, ямар нэртэй сургууль гэлээ дээ. Ядаж хаана байдаг, яаж очихыг нь ч болтугай асуугаад авахгүй яав даа. Нэр нь юу гэлээ дээ. Би ер нь сургуулийнх нь нэрийг ч тогтоогоод авахгүй юугаа бодож байсан юм болоо хэмээн цухалдаж өөртэйгөө ярилцана. Ямар ч нэмэргүйг нь мэдсээр байж Лондон дахь гэр лүү нь хүртэл залгаж үзэв.  Эцэст нь аргаа барсан хүний цөхрөнгүй байдлаар:
-Үнэхээр ингээд ирэхгүй бол би яах билээ хэмээн бодож, гар тээшээ уудлан, ачаагаа нягталж үзвэл өөрийнх нь мөнгөний карт гарч ирлээ. Картаа хоёр гараараа барин эрүүндээ дөхүүлж, хэдэн доллар хадгалсандаа сэтгэл нь амсхиймээр аядсан ч зүрх нь өөрийн эрхгүй  түгшинэ. Амьдралдаа анх удаа хөл тавьж буй энэ газар таних мэдэх хүнгүй, хаачих, яах учраа мэдэхгүй, хайрт Эдвард нь хэл чимээгүй алга болсныг гайхаж ядан суутал үүд нээгдэх чимээнээр баярласандаа огло харайн бостол хэдэн Солонгосчууд орж ирэх нь тэр. Гэрлээ рүү зааж юу ч юм хоорондоо ярилцан хэсэг зогссоноо тэдний дундаас туниа муутай зэгзгэр туранхай эмэгтэй савх шиг урт нарийн хуруунуудаа хөдөлгөн байж англиар:
-Уучлаарай, Би бол энэ зочид буудлын зохион байгуулагч. Энэ хүмүүс таныг хамт гарахыг хүсч байна. Тэд таныг хүлээн авах ёстой гэнэ ээ гэж хэлэв.
Учрыг нь олж ядан юун хүмүүс яах гэж буй тухай асууж эхлэхтэй нь зэрэгцэн өндөр махлаг эр Гэрлээгийн нүүр царай, хөл гар, цаашлаад бүх л биеийг нь эрээ цээргүй сонжин харснаа малийтал инээж, гар тээшийг нь авахад, өөр нэг цонхийсон цагаан царайтай намхан эр түүний цүнхийг бариад гарцгаалаа.
Тэд зочид буудлын өмнө зогсох гялалзсан хар суудлын тэрэг рүү зүглэв. Ингээд таньж мэдэхгүй хүний газар Гэрлээ хаашаа, юун хүмүүстэй яваагаа мэдэхийн түүс болж, мөнөөх өндөр эмэгтэйгээс өчигдөр өөртэй нь хамт ирсэн Эдвард гэгч Англи залуу хаачсан тухай, энэ юун хүмүүс болох талаар элдвийг асууж гарвал хариуд нь эмэгтэй:
-Би сайн мэдэхгүй байна. Энэ хүмүүс таныг угтаж авах үүрэгтэй л гэсэн гэж англи хэлээр өдөр тутмын үүрэгт албаа гүйцэтгэж буй хүний  ёсорхуу байдлаар хэлэв.
-Би энэ хүмүүсийг танихгүй, би Эдвардтай хамт ирсэн, тэр минь багш хүн байгаа юм. Би явахгүй ээ, түүнийг иртэл эндээс явахгүй гэж Гэрлээ яаран сандран хэлэхэд бүсгүй орчуулж буй бололтой мөн л урт хуруунуудаа хөдөлгөн найрсгаар Солонгосчуудтай ярилцаж гарав. Харин нөгөө махлаг цагаан эр толгой дохин байж эмэгтэйд ямар нэг зүйл хэлэхэд:
-Таныг санаа зоволтгүй, бидэнтэй хамт яваарай гэсэн гэж байна гээд  инээмсэглэх аядав. Гэрлээ:
-Хэн тэгж хэлээ вэ?!  Эдвард надад юу ч хэлээгүй, Эдвард...тэр хаана байна? хэмээн бувтанаж байтал тэд хүчээр шахуу машинд суулгаад авч одлоо. Ингэж түүний хар дарсан зүүд шиг өдрүүд эхэлсэн юм.
Нүсэр чанга хөгжмийн доргилох чимээ, өнгө өнгөөр анивчих толгой эргэм гэрлэн чимэглэл, юу ч юм чангаар хашгиралдан зай завсаргүй шулганалдах хэл буруутнууд, цэнгээний газрын ой гутам архи тамхины эхүүн үнэр. Энэ тамын ёроол шиг газар Гэрлээ нэр усыг нь үл мэдэх нөгөө махлаг Солонгосын “боол” болоод хоёр сарын нүүр үзэв. Англиар, монголоор, юу ч ярилаа гээд түүнийг ойлгох хүн нэгээхэн ч үгүй. Цаг хором бүрт эндээс хэрхэн явах тухай хамаг байдаг аргаа сүвэгчилнэ. Ард нь хүлээж хоцорсон эцэг эх, ах, найз нөхөд нь бүгд Гэрлээг аз жаргалдаа умбан яваа л гэж бодохоос хүний эрхэнд зовж явна чинээ хожим нь тэдэнтэйгээ уулзаад өөрөө ам нээх хүртэл нь огт гадарлаагүй билээ. Гэр лүүгээ, Ундрал руугаа залгая гэвч түүнд эрх мэдэл үгүй, үлгэрийн юм шиг аз жаргал бэлэглэж байсан Эдвард бол бүр ч ор сураггүй.
 -Тэр өөдгүй шар үст  л эх орноос минь авч гарсан, тэгээд намайг орхиж ор сураггүй алга боллоо гэж үү ...!? гээд бодохоор л түүнийг хичнээн дуудаж, хичнээн хорсож үзэн ядаад ч тусыг эс олно. Анх аз жаргалынхаа эрэлд гарахдаа яаж догдолж байлаа даа, гэтэл юу болох нь энэ вэ. Ийм л үед өөрийн гэртээ, эцэг эхтэйгээ байхдаа, инээмсэглэсээр өмнөөс нь зорин ирдэг байсан цайлган сэтгэлт Тулгаагаа дурсах тусам ямар их аз жаргалтай нэгэн байснаа улам сэхээрч байв.
-Одоо аз гэж байдаг л юм бол төрсөн нутагтаа мөлхөөд ч хамаагүй буцах минь... гэж ам тангараг өргөх мэт өөртөө ахин дахин хэлнэ.  Эх нутаг, гэр орондоо л очвол чухам дээдийн жаргал тэр юм гэдгийг Гэрлээ ой  ухаандаа шингэтэл, зүрхээ шимшрүүлэн  мэдэрч байлаа.
Халуун ногооны үмхий үнэр, дээр нь архи ханхлуулсан үйлчлүүлэгчээ согтоож, өөрийн ухаангүй болох тэр л үед сая Ундрал руу залгах санаатай гар утсыг нь аваад чичрэн барин дөнгөж залгаж амжтал гайтай согтуу эр сэрчхэв. Халаасыг нь ухаад утсыг нь барьж суусан Гэрлээгийн үснээс зулгаан хэд хэд угз татсанаа ор луу хүчтэй гэгч нь түлхчихээд, дуу хадуулан Солонгос хэлээрээ юу ч юм хашгирсаар гарч одлоо. Түүнийг гарахтай нь зэрэгцээд Гэрлээ:
-Утсаа аваач дээ, гуйж байна, гуйя. Ундрал минь! гэж үглэсээр арай гэж Ундралтай холбогдоод ямар зовлонд унаж, юу болж яваагаа нус нулимстайгаа холилдон ярьж, бас энэ тухай өөрөөсөө өөр хэнд ч битгий хэлээрэй хэмээн наминчлан гуйж байтал төдөлгүй өнөөх махлаг эзэн ууртай нь аргагүй орж ирээд Гэрлээг толгой түрүүгүй нүдэж, эрээ цээргүй бузар хүслээ ханган  доромжилж доромжилчхоод гарч одов. Иймэрхүү явдал цөөнгүй тохиолдох боловч жаргал гэхээсээ илүүтэй зовлон даадаг хүний хорвоод Гэрлээ цөхрөлтгүйгээр аврагдах арга зам хайсаар л. Хэл нэвтрэлцэхгүй, англиар түүнийг ярихад нь согтуу солонгосчууд ойлгохгүйн дээр өөрсдийнхөө хэлээр юу ч юм хашгиралдан гар хуруугаараа дохиж зангана.
Наргиж цэнгэсэн Солонгос харчуудын зугааг гаргагч гутамшигт үүргээ биелүүлж дуусаад Гэрлээ амар амгалангийн өлгий болсон эх орон, хайр энэрэлээрээ хязгааргүй ивээдэг  аав ээж, сэтгэл зүрхний баяр баясгалан болсон найз нөхдөө санагалзан, хувь заяандаа гомдохын эрхээр зочид буудлын нүх шиг умгар өрөөндөө өвдгөө тэврээд л уйлж гарна. Заримдаа ингэж байхаар амиа ч егүүтгэмээр санагдах үе цөөнгүй. Гэвч хичнээн зовлоо гээд тэгж мунхаглан, эцэг эхийнхээ голыг харлуулах эрх хэнд ч үгүй билээ. Нэг удаа тийнхүү асгартал уйлж суутал гэнэт дотор нь эвгүйрэн огиулах нь тэр. Дахиад хэдхэн сарын дараа гэхэд үүнийгээ хүний нүднээс байтугай тэнгэрээс ч  нуух аргагүй болж ирэхэд Солонгос эзэн нь хөдөлмөрийн чадваргүй болсныг мэдмэгц нэг л өдөр түүнийг анх ирэхдээ авчирсан гар тээштэй нь хамт цэнгээний газраасаа хог хаягдал шиг гаргаж хаяв. Харин Гэрлээгийн хувьд хэвлийд нь бүрэлдэх бяцхан тэр хүн хэний ч үр бай хамаагүй юутай ч ээжийгээ энэ тамын газраас чөлөөлсөнд үгээр хэлшгүй баярлаж, “Эрх чөлөө” гээд л хашгирмаар байвч зодуулсандаа өвдөж бэртсэн бие нь хөндүүрлэхийн эрхэнд дуугаръя гээд дуу нь гарсангүй. Нүүр ам нь энд тэндээ хөхөрч, түүнийгээ энгэсгээр далдлах аядаж, царай зүсээ баран тарчилж яваа Гэрлээ нэг тамаас гараад өөр бас ямар тамд унахыг эс мэдэх авч, тэндээс аль болох түргэн алхалсаар холдож одов.
Тийн явсаар нэгэн байшингийн буланд шигдэн суугаад ийш тийшээ харсаар хулмаганан байж гар тээшээ ухаж далдын далд нуусан карт, хэдэн воноо гарган халааслаж, толинд үс зүсээ янзалсан болоод нэрийг нь ч мэдэхгүй гудамжаар алхаж гарлаа.
Ядарч туйлдсан Гэрлээ арайхийн хөлөө зөөсөөр нэгэн зоогийн газарт саатав. Аз болоход тэндхийн үйлчлэгч, зөөгчид нь англи хэлээр ярьдаг байж таарсан юм. Нааш цааш хоол зөөн намилзах инээд алдсан нэгэн охиныг Гэрлээ сайтар ажиглаж, түүнтэй ганц хоёр үг солилцсоор эвтэйхэн танилцаад авлаа. Тэр л охины ачаар Ундралтайгаа холбогдож, хамаг үзсэн  туулснаа, дээр нь бас бие давхар болсноо хүртэл нулимс урсган байж дуулгав. Үнэндээ Гэрлээд Ундрал шиг найз байгаагүйсэн бол тэр өнөөдрийг хүртэл хэрхэн амьдрах байсныг ёстой бүү мэд. Зовж зүдэрч яваагаа гэрийхэндээ мэдэгдэхгүй байх “том” үүрэг даалгасан нь тэднийхээ санааг л зовоохгүй гэсэндээ гэдгийг Ундрал хэнээс ч илүү мэднэ. Ийнхүү алдаж, бүдэрч явахад нь цаг хугацаа гэгч өөрийн жамаар урссаар л. Энэ хооронд хичнээн зүйл өөрчлөгдсөнийг алийг тэр гэх вэ. Аав ээж хоёр нь хөдөө суурьшиж, харин ах нь гадаад хэлний дамжаагаа хаагаад өөр ажил эрхлэх болсон гэх сураг чимээ бүрийг Ундралаас л сонсдог байлаа. Ундрал заримдаа бүр:
-Лондонгоос Гэрлээ маань бэлэг явуулсан шүү, энэ хараач гээд л улаан цайм өөрөө худалдаж авсан зүйлсээ гэрийхэнд нь хүргэж өгнө.
Харин Гэрлээ өнөөх картанд хадгалсан хэдэн бор цаасаа Ундралын холын хамаатан Хангай ах буюу харь газарт аврагдах цорын ганц итгэл найдвараа хайж явсаар байтал дуусгачихсан.
Гэхдээ эх нутгаа зорьсон цорын ганц хүслээрээ зоригжин цөхрөлтгүй эрж явсны эцэст түүнийг олж уулзсан билээ. Элэг нэгт Монгол хүн гэдэг цаанаа л дотно, дулаахан. Түүний ачаар хэдий хүнд бэрх ч гэлээ ариун цагаан хөдөлмөрөөрөө амь зуух боломжийг Хангай ах л олгосон билээ. Ингээд Солонгост хар ажил хийж, харийн нутагт амаржаад, хүүхдээ өсгөхийн хажуугаар хүний ая эвийг олох ухаанд суралцаж, гараа цэврүүттэл ажиллаж байж олсон ганц аяга будааны мартагдашгүй амтыг мэдэрч, тарчиг ядуу байхын зовлон гээд бас бус хичнээн бэрхшээл туулсныг алийг тэр гэх вэ.
Энэ бүхнээ бодож хэвтэхдээ Гэрлээ өөрийн эрхгүй дэрээ нэвтэртэл уйлж байлаа. Тэгтэл хаалга тогших чимээнээр харвал Ундрал зөөлөн зөөлөн алхалсаар орж ирэв. Аймшигт дурсамжаасаа болж асгартлаа уйлснаа нууж ядан доголон нулимстай инээмсэглэх аядаад өндийн суухад Ундрал шүүрс алдан:
-Иш, усан нүдэн найз минь, одоо боль л доо. Бүх юм ард үлдсэн шүү дээ гэж тайтгаруулаад:
-Маргааш..., маргааш Тулгаа чамтай уулзья гэж байна лээ? гээд нүдээрээ асуун байж харахад нь Гэрлээгийн сэтгэл улам ч хүнд болж:
-Би уулзаад ч яах билээ дээ, эмчилгээ дууссан шүү дээ. Маргааш эмнэлгээс гармагц ээж аавдаа очъё. Хайртай найз минь, хамгийн эрт хөдлөх суудлын тасалбар надад аваарай за юу хэмээн эвлэгхэн хэлэхэд уйтай намрын шиврээ бороо татарч, цонхоор тусах нарны гэрэл эмнэлгийн өрөөний хананд тусаад өрөөг бүхэлд нь гэрэлтүүлэн шагайлаа.
Маргааш нь эмнэлгээс гарахаар зэхэж, хувцас хунараа цэгцлэнгээ унаа хүлээж байтал Тулга орж ирэв.
-За, сайхан амарсан уу,  дажгүй биз дээ? гэж их л албархуу хэрнээ найрсгаар инээмсэглэн асуугаад чагнуураа авангаа:
-Одоо давгүй ээ хө, өнөөдөр Ундралтайгаа гурвуулаа нэг тухтайхан уулзах уу даа? гээд дөнгөж хэлж амжтал сувилагч бүсгүй яаран сандран гүйсээр ирж:
-Эмч ээ, эмч ээ, цаана чинь болохоо байлаа шүү, мэс заслын өрөөнд дуудаад байна,  хурдлаарай гэхэд Тулга Гэрлээ рүү эргэж харан харсаар гарч одлоо. Учран ханьсах анхны гэгээн хайраасаа өчүүхэн хүсэлдээ хөтлөгдөн нүүр буруулж одсоны шийтгэл ч юм уу, амьдралын урт замд дахин тааралдлаа гэхэд түүнтэйгээ ярилцах нь байтугай өмнөөс нь эгцлээд харахад ч бэрх цаг ирдэг аж. Хувь тавилан гэдэг зөнгөөрөө бүхнийг зохицуулж, Тулгааг авран нигүүлсэх их үйлсэд нь дуудахын шалтгаанаар тэднийг уулзуулсангүй.
 -Тийм ээ, уулзаагүй нь ч дээр. Энэ л надад хангалттай, ямартай ч түүнийхээ сайн явааг би харлаа. Бас хамгаас үнэтэй эрүүл мэндийг минь тэр л надад эргүүлж авчрах учиртай байж хэмээн Гэрлээ амьдралд алдаж гишгэсэндээ гэмшихийн ихээр гэмшиж, зүрхээ сэмлэн мэгшсээр  Тулгаадаа зөвхөн сайн сайхныг хүсэн бамбарууштай зүүлтээ атгаж зогстол Ундрал Мөнгөөнөөгийн хамт түүнийг тосохоор ирэв.
Өнөөдөр Тулгаатай хэдэн цагт, хаана уулзах тухай нь лавлахад Гэрлээ шууд л эхний суудлаар эцэг эхдээ очно гэдгээ шийдэмгий баталж хэлээд шаргал үст бяцхан Эдварынхаа  гараас хөтлөв.
Галт тэрэг дуут дохиогоо хангинуулан бага үдийн наран зүг зорих тэр л үед Ундрал сайхан сэтгэлийн толь болсон нүдэндээ нулимс хуруулан байж Гэрлээ, Мөнгөөнөө хоёрыгоо үдэж хоцорлоо. Гэрлээ түүн рүү даллан далласаар холдохдоо эрээд оломгүй ийм эгэлгүй сэтгэлт, чин үнэнч найздаа түмэнтээ талархавч баршгүй сэтгэлээр орчлонд байж л болох хамгийн сайн сайхан бүхнийг найздаа ерөөсөөр аян замдаа гарлаа.
 Жирэлзэн урссаар ард хоцрох харгуй замтай хамт өнгөрсөн гашуун бүхнийг ардаа орхин, тэр бүхнээс ухаарлын эрдэнэсийг түүж,  үгээр зүйрлэж хэлэмгүй цэлмэг хөх тэнгэр, нүд алдам цэлгэр уудам тал, үзэсгэлэнт уул усаа бахдан бишрэхэд хамаг л зовлон нь ор сураггүй арилах мэт болов.
Хайрт аав, энэрэлт ээждээ үнсүүлэхээр яарах тусам баярын нулимс нь өөрийн эрхгүй асгарч жинхэнэ аз жаргалынхаа зүг догдлон явахуйд галт тэрэгний нүргэлэх чимээ хүртэл эгшиглэнт хөгжим сонор мялаах шиг санагдаж, өмнөөс угтах хязгаар нь үл харагдам ган зам,  Монгол нутгийн хурц нарны туяан дор алтран цацарч, зурайн зурайн тодорсоор байлаа.
                                                                    Энхбаатарын Үржинханд
                                                       "Шувуутай цүнх" өгүүллэгийн түүврээс

2 comments:

  1. Хэрхэн яаралтай хоосон Атмаар картыг яаж авах вэ .... хэдэн жилийн турш би маш ядуу, бухимдуу, зүрх нь эвдэрсэн байсан.
    би Job-гээ алдсан, хэн ч надад туслахад бэлэн байгаагүй, гэхдээ надад маш их аз завшаантай, мэргэжлийн хакераас хоосон ATM карт авахад, энэ карт бусадтай адилхан ажиллахгүй гэж бодож байсан, гэхдээ би зүгээр л оролдож үзээд сайхан ажилласан шидэт гэх мэт сэрүүн байгаа бөгөөд ямар ч бөглөрөлгүйгээр энэ хоосон ATM картаар хангалттай мөнгө буцааж чаддаг.
    Энэ картыг надтай хамт авч явснаар би маш их баяртай байна. Би үргэлж мөнгөтэй болж, одоо би маш их баялагтай.
    Хэрэв танд орлогоо алдахад туслах бодит хоосон ATM карт хэрэгтэй бол түүний хакердалтай холбоо барина уу. rickatmcardoffer@gmail.com
    Дараа нь би одоо таашаал авч байна.
    Амьдралын төлөө Бурханаас илүү.

    ReplyDelete
  2. Энэ хоосон АТМ картын талаар би нэлээд удаан сонсож байсан бөгөөд миний эргэлзээ төрж байсан тул би огт сонирхолгүй байсан. Нэг өдөр би RICK HACKER WORLD хэмээх хакердсан залууг олж илрүүлтэл тэр үнэхээр сайн хийж байгаа юм. Буцаад буцаж ирэхэд би The Blank ATM картын талаар асуусан юм. Хэрэв энэ нь ажиллаж байгаа эсвэл Бүр Бүрэлдэж байгаа бол. Тэд надад Тийм гэж хэлсэн бөгөөд үүнийг картыг анзааралгүйгээр санамсаргүй мөнгө олох програмчлагдсан програм бөгөөд үнэгүй онлайн худалдан авалт хийхэд ашиглах боломжтой. Энэ нь цочирдом байсан бөгөөд би эргэлзээтэй хэвээр байв. Дараа нь би үүнийг туршиж үзээд картыг асууж, үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн. Үүнийг найдаж, залбирах нь хуурамч биш байсан. Нэг долоо хоногийн дараа би картаа аваад хамгийн ойрхон АТМ машиныг туршиж үзлээ. Энэ нь ид шид шиг ажилласан. Би 5000 евро авах боломжтой байсан. Энэ итгэмээргүй байсан. Одоогоор би ямар ч дарамт шахалтгүйгээр 100,000 еврогийн АТМ картыг захиалдаг. Би яагаад үүнийг энд илгээж байгаагаа мэдэхгүй байна, энэ нь санхүүгийн тогтвортой байдалд байгаа хүмүүст туслах болно гэж би бодож байна. хоосон АТМ миний амьдралыг үнэхээр өөрчилсөн. Хэрэв та тэдэнтэй холбоо барихыг хүсч байвал имэйл хаягаа эндээс авна уу: rickatmcardoffer@gmail.com эсвэл Whatsapp: +1 (519) 900 4925.

    ReplyDelete

Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл сэтгэгдлээ бичээд доорх Comment as: хэсгээс Anonymous сонголтыг хийгээд нууц кодоо оруулан Publish товчлуурыг дараарай. Баярлалаа.