Дэргэд минь амьдрал ус мэт шуугиж л байхад
Дэндүү ч гэмээр гам гүм дотоод ертөнцдөө
Дэнлүү асааж бодлоо гэрэлтүүлэн гуниглаад
Дэнгийн эрвээхэй мэт ядмагхан дүрд хувилна
Үл сонсогдох аялгуугаа зүрхэн тушаа шивнэж
Үл харагдах зовлонгоо аньсган завсраа нууж
Үл үзэгдэх уйтгараа инээмсэглэлдээ хадгалж
Үрж барагдах амьдралаа цаг хугацаанд даатгалаа
Мартагдаж, далдын далд орхигдох өнгөний хорвоод
Маргааш өмсөнө гэж цэнхэр даашинзыг юунд зэхнэ вэ
Мөнхөрч, үеийн үед үлдэхгүй цаг хугацааны өрөөнд
Мөрөөдөл хүслийн гэгээн үгсээ хаашаа илгээнэ вэ
Хааяа өөрөөсөө ингэж ахин дахин асуугаад
Хариулт олдохгүй мунгинаж , гунигийн далайд сэлүүрдээд
Хан хорвоогийн мананд ганцаар төөрөхийн зовлонгоос
Харсан зүгтээ зугтмаар, даажмаар
“Өөртөө үнэнч үлдэнэ” шүлгийн түүврээс
Энхбаатарын Үржинханд
No comments:
Post a Comment
Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл сэтгэгдлээ бичээд доорх Comment as: хэсгээс Anonymous сонголтыг хийгээд нууц кодоо оруулан Publish товчлуурыг дараарай. Баярлалаа.