Friday, July 8, 2011

Өглөө бударсан шүлгэн цас

Найраг шүлгийг эрхэмлэн дээдлэгч та бүхэндээ
Намуун өглөөний уяхан  салхиар эмжиж
Шижир цасаар нэхэж урласан шүлгээрээ
Шинэ оны мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Хаашаа ч харсан цавцайсан цагаан тал
Харанхуй хийгээд зовлон үгүй ариухан  орчил
Хан тэнгэрийн  одод газраар нэг цацраад л
Хачин ихэмсэг агаад  ер бусын амгалан энэ ээ
Одод цасан ширхэгс болж эрх танхил бүжээд
Орчлонгийн сайхан өглөө зөөлөн салхиар угтах
Оюу номин тэнгэр үүлэн хээгээр чимээд
Одоо л би цорын ганц тэнгэрийн гүнж  болсон мэт
Хаашаа ч харсан нэвсийсэн цагаан орчлонд
Хагацал учралын аялгуу ухаарал бэлэглэх
Хацар жиндээдэг  тэсгим жавар нь хүртэл  
Хайлган энхрий санагдах шидэт цасхан энэ ээ
Зүрх сэтгэл догдлоод хязгааргүйд тэмүүлэх шувуухай мэт
Зөн мөрөөдлийн гүүрээр дуу аялан намуухан алхахад
Зөрөн одох хэн бүхэн инээмсэглэлээ бэлэглээд л
Зүйрлэшгүй баялаг ертөнцөд сэтгэлийн угаас талархая
Хаашаа ч харсан миний нутгийн нүд алдам тал
Харгуй замаар цуцашгүй  хөтлөх гэрэлт ирээдүйн зүг
Хажууд  суугаа гэгээн бодолт найз минь хүртэл
Хамгийн  тодоор гэрэлтэх үүрдийн дурсамж урлаад л 
Ямар ч зовлон хийгээд уйтгар үгүй тунгалаг харцаар
Яг л энэ цагаахан цасны хэлтэрхий болж эрхлээд л
Яруу үгсийн торгон намираа үелзэн долгилж байхад                                     
Яахин би гуниглаж чадах билээ гэгээхэн орчлон минь ээ
                                                                            
                                                            Энхбаатарын Үржинханд

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл сэтгэгдлээ бичээд доорх Comment as: хэсгээс Anonymous сонголтыг хийгээд нууц кодоо оруулан Publish товчлуурыг дараарай. Баярлалаа.