Friday, July 8, 2011

Тэмдэглэл


Улсын Хөгжмийн Зөвлөлийн Ази-Номхон далайн
орнуудын Бүтээлийн бага хурлаас  
Нар хур нь тэгширч, цэцэг жимс нь алагласан Монгол орноо магтан биширч сууна. Ийм гайхалтай эх орны эс ширхэг болсондоо өчүүхэн би бээр  баярлаад баршгүй. Баярлан талархах, мөн бахархахын учир шалтгаан их байна аа. Миний Монголын  гайхамшигт аялгуу. Уул ус, тал нутаг болоод өвөг дээдэс, ардын минь сэтгэлээс аялгуулах хөгжмийн эгшиг үнэндээ та бидний зүрх сэтгэлийн дуулал билээ.   Тэрхүү эгшиг аялгууг зохиогч, гүн бодрол хийгээд зүрхнийхээ далдаас нандин утсаар  хөглөн байж хүний сэтгэлийг уяраадаг хүндтэй хүмүүсийг нэгтгэсэн Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо.http://blog.banjig.net/includes/lib/tinymce/plugins/pagebreak/img/trans.gif


Энэ оны 7-р сард БНХАУ-ын Сиамен хотноо зохиогдсон Ази-Номхон далайн орнуудын Бүтээлийн бага хуралд Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооноос Монгол Улсаа төлөөлөн оролцохыг албан ёсоор урьсан юм.  Ингээд холбооны ерөнхийлөгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, Б.Бямбабаяр ахын удирдлагаар Төрийн шагналт хөгжмийн зохиолч, доктор професор С.Соронзонболд ахын хамт Олон улсын уулзалтад орчуулагчийн  хувиар оролцоод ирсэн тухайгаа та бүхэнтэйгээ товчхон хуваалцая.
Дэлхийн улс орныг хамарсан энэ өргөн хэмжээний үйл ажиллагаанд Австрали, Энэтхэг, Филиппин, Малайз, Иран, Монгол, Хятад гээд олон орны нэр хүндтэй урлагийн одууд оролцсон юм.  
Орон бүрээс хоёр төлөөлөгч оролцсон бөгөөд тэдний дунд Энэтхэгийн эстрадын од, Филиппиний рок од, Малайзын нэр хүндтэй хөгжмийн зохиолч, Иранаас бүр яруу найрагч ирсэн байлаа. Бүтээлийн бага хурал “Төгөлдөр хуурын арал” гэж алдаршсан зөвхөн усан онгоцоор хүрч очдог Гуланги хэмээх үзэсгэлэнт арал дээр зохиогдлоо.
Хурлын үеэр бүс нутгийн хөгжмийн хөгжил, олон төрлийн хөгжимтэй холбоотой асуудлуудыг үндэсний түвшинд дэмжих, аль болох олон орнуудыг хамарсан, хамтарсан үйл ажиллагаануудыг зохион байгуулах, залуу хөгжмийн зохиолч, хөгжимчид, дуучид, бүжигчид гээд хөгжимтэй холбоотой бүхнийг дэмжих,  бүсийн шагнал урамшууллыг бий болгох гэх зэрэг өргөн хүрээг хамарсан асуудлуудыг нарийн зөвлөлдсөн юм.
 Бид хоёр энэ хурлаас Монголын хөгжмийн салбартаа баярлууштай сайхан мэдээтэй ирсэн билээ. Уг уулзалтаар цаашид зохион байгуулах асуудлыг хэлэлцэх, мөн дараагийн бүтээлийн бага хуралдаа бэлтгэхийн тулд Удирдах Хороог байгуулсан юм. Энэ хороо нь анхдугаар бага хуралд оролцож буй улс орон бүрийн нэг нэг төлөөллөөс бүрдэх ба  бүрэлдэхүүнд Монгол улс албан ёсоор сонгогдож, Соронзонболд ах маань төлөөлөгчөөр сонгогдсон юм.  Ирэх жил энэ уулзалтыг зохион байгуулахын өмнөх бэлтгэл ажил болгож Дэлхийн олон орнуудын хөгжмийн зэмсгийн музейн  нээлтийг  хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Монгол Улсаас морин хуур болон бусад монголын үндэсний хөгжмийн зэмсгээс музейдээ мөн байрлуулахаар боллоо.
Музейд зориулан бас нэгэн сонирхолтой үйл ажиллагаа явуулсан нь улс орон бүрийн төлөөлөгчдийн алганы хээг элсэн самбар дээр  мөнхөлж, мөн орон болгоны төлөөлөгчдөөр мод тариулсан юм. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Соронзонболд ахын хамт  
“Монгол Улс” гэсэн нэр бүхий модыг Гуланги арал дээр суулгахад гар бие оролцсондоо туйлын их баяртай, бахархалтай буйгаа хэлэхгүй өнгөрч түвдэхгүй нь.  Бүтээлийн бага хурал зохиогдож байгаатай холбогдуулан үзэсгэлэнт Гуланги арал дээр “Төгөлдөр хуурын 5-р их наадам” нээлтээ хийж, улс орнуудаас ирсэн төлөөлөгчидөд зориулж энэхүү наадамд шалгарч байсан шилдэгийн шилдэг төгөлдөр хуурчдын оролцсон Хүндэтгэлийн концерт болсон юм. Бүсийн уулзалтын үеэр Сиамен хотын захиргаа төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд энэ уулзалтын талаар хэвлэл мэдээллийнхэнд албан ёсны мэдээлэл өгч байлаа.
Аагим зуны халуунд арав гаруй өдөр үргэлжилсэн энэ томоохон хэмжээний үйл ажиллагаанаас улс орондоо баярлууштай шинэ мэдээлэлтэй, шинэхэн танилуудтай, сэтгэлд үлдэм дурсамжуудтай,  гол нь Монголын хөгжмийн салбарыг хөгжүүлэхэд хэрэгжүүлж болохуйц шинэ содон санаануудтай ирсэн нь хамгийн олзуурхууштай байлаа.

Эх нутгийн минь гайхамшигт аялгуу, дуу хуур бүхэн монголчууд бидний  өв соёл болоод хэн бүхний сэтгэлийг  үггүйгээр илэрхийлэгч билээ. Дашрамд хэлэхэд, цаашид хөгжмийн салбарынхаа хөгжилд, аливаа үйл ажиллагаанд нь дахин гар бие оролцох боломж ирвэл Монгол хүнийхээ хувьд хэзээд баяртайгаар хүлээн авах болноо.
 Монголын хөгжим дэлхийд гайхуулж, ертөнц даяар цуурайлан байх гэрэлт зам нь нарны цацраг асгарсан гэгээн цэлмэг өдөр шиг хэзээд дардан байх болтугай гэсэн өөдрөг ерөөлийг тэмдэглэлийнхээ төгсгөлд өргье.     (2010.08.25)

                                                                                                       Энхбаатарын Үржинханд

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл сэтгэгдлээ бичээд доорх Comment as: хэсгээс Anonymous сонголтыг хийгээд нууц кодоо оруулан Publish товчлуурыг дараарай. Баярлалаа.