Sunday, October 30, 2011

Бүрх малгайтай хүн

“-Энэ ах дандаа л тааралдах юм, ямар хүн гэхээрээ хаа сайгүй ингэж дайралддаг байна аа, эсвэл би хэтэрхий ажиглаад байна уу?” хэмээн Болор эргэцүүлэн зогсоно. Толгойд нь томдох шахсан далбагар саравч бүхий бүрх малгай өмсөж, мөр ханцуй нь элэгдсэн савхин хар хүрэмнийхээ халаасанд гараа хийгээд, нөгөө гартаа тамхи барин зогсох хижээл насны туранхай эрэгтэйг ийнхүү харж байтал Цэнгэл ганган цагаан тэргээрээ ус цацалсаар ирж замын хашлага дагуу зогсов. Үсээ сүүлийн үеийн залуусын этгээд маягаар засаж, нарны шил зүүсэн дэгжин залуу цонхоороо цухуйн гараа даллахтай нь зэрэгцээд Болорын бодол сарниж одов. Бүсгүй хүлээж ядсан хүний хурдан яаруу алхаагаар гүйх шахам ирж машинд суунгаа:


“-Пээ, Та хоёр чинь яасан их уддаг юм бэ, одоо амжих уу?” гэхэд Цэнгэл инээд алдан:
“-Санаа зоволтгүй ээ, шувуу шиг нисээд л хүрчихнэ, найз нь болдог бол нисмээр л байна шүү ” гээд хөгжилтэй инээмсэглэхэд Болорын найз залуу болох Мөнхөө угтан авч:
“-Оюунаа ч чамайг их санасан байгаа даа” гээд Болор луу хандан хөгжилтэй инээнэ.
“-За, тэгвэл хурдан нисээрэй” гэх зуураа Болор машины толинд харж, үсээ илэхдээ өнөөх хүнийг гэнэт олж харав. Тэр хүн яах аргагүй наашаа харж байгааг мэдсэн Болорын царай барайн илт сандрахдаа бушуухан нүдээ буруулав.
 Олон Улсын тэмцээнээс шагналаа тэвэрсээр ирж буй найз бүсгүйгээ угтах гээд догдлон буй Цэнгэл түүнийг эс анзааран онгоцны  буудлын зүг жолоо заллаа. Нуруугаар нь хүйт даах мэт болж, бяцхан айдас Болорыг нөмрөхөд Мөнхөө, Цэнгэл хоёрт хэлэхээр завдан үл ялиг чичирхийлэн байж:
“-Сая тэнд...” хэмээн дөнгөж хэлж эхлэхтэй нь зэрэгцээд Цэнгэл айдас байтугай ямар ч муу юм тогтохын аргагүй баярласан хүний бахдалтай чанга дуугаар:
“-Арын суудал руу хараач, ямар вэ дээ?”  хэмээн инээд алдан хэлэхэд Болор хөөр баяр болон яваа найздаа таагүй зүйл хэлж түвдэлгүй чимээгүйхэн эргэж харвал өнгөн өнгийг гайхалтай хослуулсан томоос том цэцгийн баглаа нүдэнд нь тусав. Өөрийн эрхгүй сэтгэл нь сэргэж:
“- Хүүе ээ, Ямар гоё юм бэ? Миний найз чинь үнэхээр мэдрэмжтэй юм аа. Чи ч манай Мөнхөөгөөс сайн суралцаж байна шүү” хэмээн хөгжилдсөөр харь орноос ирж буй Оюунаагаа хэрхэн угтах тухай элдвийг ярилцахын хамт мөнөөх айдас түгшүүр нь үүл мэт замхарлаа. Энэ мэт байдлаар Болор хэн нэгэн үл таних этгээд дагаад байгаа тухай хэнд ч хэлэлгүй  явсаар л. Чингээд хаа нэгтээ санамсаргүй тааралдах болсон тэр хүн алга болмогц Болор энэ тухай хэсэгтээ л ор тас мартана.
 Бүрх малгайтай, дөлгөөн харцтай, ядруу царайтай энэ хүнтэй хэзээнээс эхлэн дайралдах болсоноо сайн мэдэхгүй ч, яагаад ч юм сүүлийн үед нэлээд ойр ойрхон, бүр заримдаа өдөр бүр шахуу тааралдах болсон нь санамсаргүй гэхэд арай л олон удаа гэмээр хачин жигтэй санагдах болсон юм. Гэвч Болороо элдвийг бодохыг хүсэхгүйн дээр “-Хүмүүс зөрөлдөж л байдаг, өдөрт хүмүүс хичнээн тааралдахыг алийг тэр гэх вэ” хэмээн өөрийгөө тайвшруулна.
Түүнтэй тааралдсан бас нэг өдөр Болор ээждээ энэ тухай цухас дурьдахад ээж нь бяцхан мөнгөлөг хайрцагийг их л нандигнан арчингаа инээмсэглэн:
“-Хүмүүс бишгүй л тааралддаг шүү дээ. Энэ Надмид эгч чинь байна шүү, сүү авах болгонд надтай тааралдсаар байгаад найзууд болсон шүү дээ” гээд  хөгжилтэй инээснээ ямар нэг зүйл санасан бололтой царайгаа төв болгож:
“-Гэхдээ миний охин гадуур болгоомжтой явж байгаарай. Одоо чинь элдвийн л юм сонсогдох болж” хэмээн анхааруулаад Болорын дэргэд ирж суув. Тэгээд мөнөөх бяцхан хайрцагаа онгойлгож,  гоёмсог болор шигтгээтэй өрөөсөн мөнгөн ээмгийг гаргаж ирсээд бодол болон гөлөрч:
 “-Уг нь хоёулаа байсан бол... ”гэж өөрийн мэдэлгүй барим тавим хэлэв.
“-Ээж ээ, та сая юу гэсэн бэ?” хэмээх Болорын дууг сонсоод үл ялиг цочих мэт болсноо:
 “-Аан.., энийг хар даа. Гоё байгаа биз? Охиныхоо хуриманд зориулж яг иймийг хийлгэнэ ээ” гэв.
“-Ийм гоё ээмэгнийхээ өрөөснийг та яасан юм бэ” гэхэд ээж нь ямар нэг зүйлд санаа зовних шиг гуниглангуй шүүрс алдаж:
“-Дээр үед гээчихсэн юм аа” хэмээн сонсогдох төдий хэлмэгцээ босоод явчихав.
Өдөр хоногууд ар араасаа хөвөрсөөр. Орчлонгийн хүмүний барагдашгүй ажил төрөл, амьдрал хэвийн үргэлжилсээр ахуйд бүрх малгайтай хүн бүсгүйд мэдэгдэлгүй сэм дагасаар байгааг Болор төсөөлөх ч үгүй явлаа.
Зуны цэлмэг өдрийн аагим халуун нар зулай төөнөсөн нэгэн өдөр Болор тортой юмаа дааж ядан залхуутайяа алхаж явахад гар утас нь хангинан жингэнэв. Тэрээр Оюунаад:
 “-Та нар хаа явна? Хурдан намайг ирж аваачээ. Энэ халуун наранд чинь хайлах нь байна шүү. Аа тийм, ундаа ч юм уу, ус ч юмуу нэг уух юм авчраарай. Би нөгөө цэцэрлэгийнхээ гадаах сандал дээр хүлээж байя” гэв. Хөлөө  амраахын хүслэн болж явсаар зорьсон газраа ирээд цэцэрлэгийн хашааны өмнөх саглагар модны сүүдэр дэхь модон сандал дээр намсхийн суув. Энэ үед бүрх малгайтай хүн Болорт өчүүхэн ч гэсэн дөхөх, бас тус нэмэр болох боломж гарсанд баярлана. Тэгээд сүүлийн мөнгөө шавхан цэвэр ус худалдаж авлаа. Харин хэрхэн Болорт өгөх учираа олохгүй хэсэг тээнэгэлзсэнээ ямартаа ч түүнийг үргэлжлүүлэн дагав. Үнэн хэрэгтээ тэрээр охинтой үргэлж уулзахыг хүсэвч, ямар ч боломж олдохгүй тул сэтгэл нь шимширч дэмий л ийнхүү дагасаар нэлээд хугацааг өнгөрсөн билээ. Уулзахын мөрөөсөл болж явсан хайртай хүмүүсээ хэрхэн яаж, хаана амьдарч буйг санамсаргүй мэдсэн тэр азтай өдрөөс хойш Базар ийнхүү охиныг дагах болсон. Заримдаа ингэж явахдаа түүнийг айлгах вий гэж эмээнэ.
Болор халууцахын хэрээр духан дээр нь бурзайсан хөлсөө нарны сийрсэн малгайгаараа сэвж хэсэг суув. Эргэн тойрноо танадах мэт харахад ойр хавьд хүн байсангүй тул санаа амарч, сандлын түшлэг налан малгайгаа нүүрэн дээрээ хагас тавиад нүдээ хэсэг анилаа. Сэвэлзүүр салхи аагим халуунаас түүнийг сүүдэрлэн буй модны мөчир навч хөдөлгөж үе үе сэрүү татуулан үлээх нь нэн таатай. Холгүй орших замаас эцэс төгсгөлгүй зөрөлдөх машины чимээ, хаа нэгтээ хүүхдүүдийн инээлдэх дуу гээд хотын чимээ үргэлжлэн сонсогдсоор. Энэ бүхнийг чагнан түр ч гэсэн амсхийхдээ зүүрмэглэх шахсан Болор бугуйн цагаа харахаар малгайгаа авч алгуурхан нүдээ нээв. Онийн байж харвал хажууд нь шив шинэхэн савтай цэвэр ус байна. Гайхахын хэрээр нозоорсон нойрноосоо сэргэсэн Болор нүдэндээ ч итгэсэнгүй дахин харвал үнэхээр савтай цэвэр ус байх нь тэр.
Энэ зуур учирыг үл ойлгон гайхсан Болор найзуудыхаа тухай:
 “-Юу вэ?  Хаанаас энэ ус...? Эд нар одоо надаар даажигнахаар тийм хурдан ирэх болоогүй дээ” хэмээн мэдээжийн юмыг хөнгөхөн бодоод сандлаас ухасхийн босож хэд алхав. Ийш тийш хэн нэгнийг хайх мэт харвал Цэнгэл шил толь мэт ганган цагаан машинаа наранд гялбуулсаар цэцэрлэгийн булангаар тойроод айсуй. Болорын нүдэнд инээмсэглэл тодорч, малгайгаараа тэдний зүг даллаж байх хооронд Базар дэмий юм хийсэндээ самгардан мөнөөх цэвэр усыг шалмаг гэгч нь буцааж аваад сандарсандаа саглагар модны ард амьсгаа даран нуугдав.
Болор эргэж ирэхэд мөнөөх савтай ус алга байлаа. Бүр гайхаж хоцорсон бүсгүй:
“-Хачин юм даа, Яах аргагүй савтай цэвэр ус байсан. Энд л байсан даа, би хий юм харсан баймааргүй юм!” хэмээн өөртэйгээ ярин сандлын эргэн тойрныг нэгжиж байтал найзууд нь хэзээний хүрэлцэн ирж ямар нэг зүйл хайж мунгинах Болорыг хараад:
“-Үгүй, Чи минь юугаа ингэтэл эрээ вэ?” гэхэд Болор саяын болсон явдлыг үнэн сэтгэлээсээ сонирхуулан ярьж өгөв. Залуус  инээлдэн:
“-За, тийм юм гэж хаа байдаг юм? Манай Болороо, ам нь цангаж халуун наранд ядарсандаа л цэвэр ус төсөөлөө биз. Алив наадахаа ...” гээд тортой юмыг нь дамжлан тоглоом шоглоом болгож инээлдсээр бүгд машиндаа сууцгаалаа. Найзууд хөдөө газар ажиллаж буй Мөнхөөг эргэх бэлтгэлээ хэр базаасан эсэхээ ярилцан ахуйд Болороо ус уунгаа:
“-Айхтар халуун өдөр байна даа. Нөгөө хэд аль эрт ирчихээд одоо бид хэдийг л хүлээж байгаа.” гээд сэрүүцэх санаатай санамсаргүй цонхоор шагайвал мөнөөх бүрх малгайтай хүн цэцэрлэгийн хашааны хаалгаар гараад модон сандал дээр суухыг олж харлаа.  Үүнийг хараад цочсондоо гэнэт ар дагз руу нь ямар нэг хүнд юмаар цохих мэт болж, айсандаа зүрх нь түг түгхийтэл цохилов. Сандарсан Болор:
“-Та нар сая нэг малгайтай хүн харсан уу?” гээд тэвдэн байж асуутал угийн наргианч зантай найзууд нь пирхийтэл инээлдэж, тэдний дундаас Цолмон тас тас хөхрөн:
“-Харсаан. Харахаар барахуу. хажуудаа аваад явж байна” гээд түүний нарны малгайг толгой дээр нь тавиад найрсагаар:
“-Хөөрхөн бүсгүйг нь ингэтэл ядраалаа гээд Мөнхөө хүү уурлавал яана аа” хэмээн хөгжилтэйгээр инээлдэв. Харамсалтай нь Болороог үнэхээр айдаст автан явааг дөрөвийн дөрвөн хүний хэн нь ч анзаарсангүй.
Өвс ургамлын таатай үнэр хамар цоргисон хөдөөний гайхалтай намуун үдэш залуус машины хөгжим хангинуулан ямар нэгэн сонирхолтой зүйл ярьж байгаа нь илт байсхийгээд л нирхийтэл инээлдэнэ. Энэ үед зуны халуун өдрүүдэд гэрээсээ хол ажилласан Мөнхөө намар нижгэр хурим хийх тухай гэгээн бодолдоо хөтлөгдөнө. Чингээд найз бүсгүйнхээ мөрөөр тэврэн алхах зуур Болороо түүнд мөнөөх бүрх малгайтай хүнээс үүдсэн айдасаа төгсгөл болгож, өдрийн болсон явдлаас эхлээд тэр тухай бүгдийг Мөнхөөд ярив.
Үүнийг анхааралтай сонссон халамжит залуу их л санаа зовнин байж, дараагийн удаад тааралдвал хэрхэвч түүнийг явуулж болохгүй. Тэгээд ямар нэг муу санаа агуулсан эсэхийг танадаж мэдээд, хэрэв тийм бол яаралтай барьж цагдаад мэдэгдэх талаар нэн чухал зөвлөгөө өглөө.         
Хүсэн хүлээсэн намар цаг ч ирдгээрээ ирж, хос залуус хуримын бэлтгэл гээд тун завгүй.
 Хуримын өмнөх өдөр. Амьдралынх нь хань болж насан туршийн жаргал зовлонгоо хуваалцах бүсгүйтэйгээ маргааш гэрлэнэ гэхээс догдлон байх Мөнхөө Цэнгэлтэй хамт ойр зуур ажил амжуулахаар төмөр хүлгээ хөлөглөн явна.
Энэ үед ээжийхээ захиалгаар мөнгөн ээмгэний өрөөснийг авахаар дарханы газар луу Оюунаатай хамт явж байсан Болороо гэнэт мөнөөх бүрх малгайтай хүн түүний хажууханд нь байхыг хараад зогтусав. Бүрх малгайт Болороотой харц тулгармагц түргэн гэгч нь эргээд алхах нь тэр. Юутай ч энэ удаад зориг гарган тэр хүнийг юун хүн болохыг мэдэх хүсэлдээ хөтлөгдөн дагаж явлаа.  Энэ зуур гар утсаа чихэндээ наан тас тас инээх Оюунаагаас нэг л мэдэхэд холдон одсон байв.
“-Одоо л юун хүн яах гэж дагаад байгааг мэдэж авахгүй бол..., Яасан ч явуулж болохгүй!” хэмээн Мөнхөөгийн хэлсэн үгийг санан санан түүний хойноос түргэн гэгч нь алхав.
Намрын шаргал нар баруунтаа хэвийж, хос залуусын хурим болно гээд ах дүү хамаатан садан бүгдээр цуглаж, олны хөлд дарагдсан Болороогийн ээж:
“- Хүүхээ, эгч нь хичнээн дахин залгаад цаадахын чинь утас болдоггүй, хаачсан хүүхэд вэ?” гэсээр Оюунаа руу залгав. Өдөржин эрэл сурал болоод найзыгаа ололгүй тэвдэж сандарсан Оюунаа нулимсаа барьж ядан:
“-Бадам эгч ээ, би жаахан байж байгаад эргээд залгая” гэж арай ядан хэлэв.  Хуримынх нь өмнөх өдөр чанх дэргэдээсээ найзыгаа хаа одсоныг мэдэлгүй хоцорсон Оюунаа орой гэхэд түүнийг олно гэдэгт найдаж, хэнд ч хэлэлгүйгээр өдөржин хайсан нь энэ. Гайхаш нь барагдсан тэрээр чичирсэн гараар Цэнгэл рүү залгаж энэ бүхнийг хэллээ. Мөнхөөгийн гар утас дугарахад тэвдэж сандарсан Оюунаа учир нь үл ойлгогдохоор ямар нэг зүйл ярьж байснаа дуу нь тасалдан чимээгүй болов. Төдөлгүй Цэнгэл залгаж:
“-Мөнхөө, би одоо яваад очъё. Хаашаа ч битгий гараарай, хүлээж бай” гээд хүүе гэхийн зуургүй утсаа таслав.
Төдөлгүй хайрт бүсгүй нь бүхэл өдөржин ор сураггүй алга болоод байгаа тухай сонссон Мөнхөө давын өмнө Болорын ярьж байсан бүрх малгайтын тухай саналаа. Чингээд цагдаа сэргийлэхэд мэдэгдэн бөөн эрэл хайгуул болов.
Харин Болор бүрх малгайтыг дагаж явсаар захын хорооллын нэгэн нарийхан бөглүү гудамжинд хүрэлцэн ирлээ. Мөнөөх хүн байн байн эргэж харан явсаар хуучин модон хашаанд орчихов. Түүнийг алдахгүйн төлөө улайран дагасан Болор гэнэт ямар газар ирснээ гайхахын зэрэгцээ дотроо түгшиж эхэллээ. Мэгдэн байж дүрлийсэн алаг нүдээ эргэлдүүлсээр  үүдэнд нь дөхөж очоод хашааны завсраар шагайв. Ядуу гэхэд арай хэтэрхий санагдмаар сарампай болсон хашаанд байшин гэхээсээ илүүтэй амбаар гэмээр хэзээ мөдгүй нурах шахсан навтгар байшин харагдана. Энэ хүртэл түүнийг нэхэж ирсэн Болор эргэн тойрноо сайтар харж аваад явахаар завдтал ядарч туйлдсан хүний сөөнгө хоолойгоор:
“-Хүү минь, хүлээгээч” гэх сонстов. Эргээд харвал мөнөөх бүрх малгайтай хүн аргадангуй зөөлөн харцаар Болороог ширтэж зогсоно.
Өчнөөн удаа тааралдсан тэр хүн өнөөдөр анх удаа нүүр тулан үг дуугарах нь энэ ээ.
“-Миний охин..., чи энд төрсөн шүү дээ. Энэ..., энэ чиний гэр.” гээд шүлсээ гүдхийтэл залгиж, хэр барагийн эр хүнд баймгүй ус гүйлгэнэсэн өрөвдөлтэй нүдээр царайчлангуй хэлэхэд гайхаж мэлэрсэн Болор юу хэлэхээ мэдэхгүй уруулаа шилэмдэн хэсэг зогсов. Байгаа байдлаас нь ажвал худал яримгүй дөлгөөн харцтай тэрээр нулимсаа цийлэгнүүлэн дотогш орохыг гуйв. Болор одоо л гэнэт сэхээ орсон мэт:
 “-Хэн нэгэн үл бүтэх этгээд мэхэлж байвал яана, би яах гэж энд ирэв ээ. Хэрэв ямар нэг муу юм болвол...” хэмээн халаасан дахь гар утсаа тэмтрэн байж зориуд айгаагүй дүр эсгэн:
“-Та юу хүсээ вэ? Яах гэж намайг мөшгөөд байдаг юм?!” гэж ширүүнээр асуувал:
“-Миний охин намайг танихгүй байх нь аргагүй дээ. Маргааш чиний хурим болно. Би чамд нэг юм өгөх санаатай л...” гэснээ хашаа руу ороход Болор араас нь өнгөлзсөөр хоцров.
Нэлээд хэсэг хугацаа өнгөрөхөд нөгөө хүн гарч ирсэнгүй. Элдвийг бодон зогссон Болор сониуч зандаа хөтлөгдөн итгэлгүйхэн алхсаар хаалга нь дэлгээтэй навтгар байшин руу дөхвөл хэн нэг нь зовиуртай ёолохын зэрэгцээ:
“-Одоохон, за миний хүү эмээ уучих” гэх дуунаар шагайвал нөгөө хүн цонхны ойролцоо төмөр орон дээр хэвтэх нэгэн охинд ямар нэг юм уулгахаар оролдож байна.  Үүдний ойролцоох хуучин сандал дээр түүний бүрх малгай, хажууд нь жижиг ширээ гээд цааш нь дагуулан өрөө доторхийг тойруулж хараад Болор бүр гайхаж орхив. Энд тэндгүй ээжийнх нь, өөрөө, мөн үсээ хоёр боосон нэг жижиг охины түүний дэргэд бүрх малгайттай хамтдаа авахуулсан нэлээд олон зураг байна. Өвчиндөө яраглах охин эмээ ууж чадалгүй ханиалгаж эхлэхэд Болор өөрийн эрхгүй  гүйхээрээ очиж туслав. Хэсэг хугацааны дараа тэрээр тайвшран унтлаа.
Чингээд бүрх малгайтай хүн зовлонд шаналсан олон жилийн амьдралаа ярьж гарав. Энд унтаж байгаа охин бол түүний дүү Молор, өөрөө тэр хоёрын төрсөн эцэг гэнэ.
Тэр үед ядуу тарчиг Базар Молорыг тэвэрсээр чинээлэг айлын бэр болоод явж буй Бадамыг үдэж зогссон цагаас хойш даруй 22 жил улирсан байх юм. Базар алт мөнгөний дархан хийсэн хэвээрээ ч хааяа нэг хатуу дарс балгачихдагаас болж, амьдралаа үүнээс дээрдүүлж чадсангүй. Ямартаа ч Молорыг өдий хүргэсэндээ сэтгэл нь жаахан уужирдаг гэх. Энэ мэтчилэн өнгөрсөн бүх амьдралаа хуучлан уйлахдаа уйлж, инээхдээ инээж ярьсаар нэг мэдэхнээ нар шингэх дөхсөн байлаа.
Маргааш хурим болох гэж байхад Болор энэ өдөр амьдралыхаа тухай төсөөлж ч яваагүй түүхийг мэдэж авав. Аав нь түүнд болор шигтгээтэй өрөөсөн мөнгөн ээмэг өглөхөд маргааш тэднийг хуримдаа заавал урихаа амлаад гарч одов. Түмэн зүйл, буман бодолд дарагдсаар гэр лүүгээ алхаж явааг харсан Мөнхөө, мөн түүнийг хайж тэвдсэн ээж, найз нөхөд бүгдээр сандралдан угтав. Болорт ямар ч таагүй зүйл тохиолдоогүйгээр барахгүй инээмсэглэн байж ээждээ аавынхаа өгсөн гоёмсог шигтгээтэй мөнгөн ээмэгний өрөөснийг үзүүлээд:
“-Маргааш би энийг зүүнэ, гоё байгаа биз?” гэх охиноо бүрэн бүтэн ирсэнд нь санаа амарсан Бадам түүний нүд рүү харсан бол юу өгүүлэн байгааг эрх биш гадарлах байсан биз. Харин энэ мөчид байрны булан тойрч одох бүрх малгайтай хүнийг харсан Мөнхөө эгдүүцэл нь хүрч түүний араас очлоо.
Хуримын өдөр.
“-Ээж ээ, би маш чухал хүмүүс хуримандаа урина, хамт явж тэднийг авна шүү” гэхэд:
“-Миний охин, тэр хүн чинь өөрөө ирж болдоггүй юм уу? Цаг бага байна шүү дээ” гэхэд:
“-Та харвал нүдэндээ ч итгэхгүй дээ” гэсээр хуримын даашинзтай бүсгүй Базарын гэрийн зүг жолоо залав. Явсаар нарийхан гудамжаар орвол мэл гайхсан Бадам охиноо хичнээн хорьлоо ч тэд мөнөөх навтгар байшинд хүрэлцэн ирлээ. Харин тэнд хэн ч байсангүй. 
Өчигдөрхөн аав дүү хоёроо олсон Болор тэр хавьд хаана ч хайгаад олоогүйдээ сэтгэл нь өвдөж, дуртай дургүй хурим болох газраа ирлээ. Машинаас бууж хэсэг зогссоноо Болор гэнэт:
“-Миний аав хаана байдаг юм бэ” гээд хүндээр санаа алдан асуухад ээж нь:
“-Миний охин заавал баярынхаа өдөр энийг асуух хэрэг байна уу? Хүмүүс хүлээгээд байна, орцгооё” гэхэд бүр ч хүнд гунигтай болж бачимдсан дуугаар:
“-Нас барсан гээ биз дээ? Тэр чинь худлаа шүү дээ” хэмээн нулимс бөмбөрүүлтэл:
“-Охин минь, ингэж болохгүй” гэх сөөнгө дуугаар аргадан хэлэхэд эргэж харвал бүрх малгайтай Базар, Мөнхөөгийн хамт зогсож байх нь тэр. Хорь гаруй жилийн өмнө Базар Бадам хоёр хуримын гоёмсог хувцастай ийнхүү зогсож байсан нь саяхан мэт санагдаж, өчнөөн жилийн дараа нулимс хурсан хоёр харц учран золгоход шинэ өглөөний нар зулай дээрээс алтран гийж байлаа.

                                                 “Шувуутай цүнх” өгүүллэгийн түүврээс
                                                                             Э.Үржинханд

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл сэтгэгдлээ бичээд доорх Comment as: хэсгээс Anonymous сонголтыг хийгээд нууц кодоо оруулан Publish товчлуурыг дараарай. Баярлалаа.