Friday, September 23, 2011

Хайр цацруулж...


Надаас холдож буй тэр олон өдрүүдийг одоо
Нарны тогоруудтай үдээд уртаар шүүрс алдана
Намиран намилзах шаргалхан мөчрүүдтэй хамт
Надад тайтгарал авчирдаг  аядуухан дуу аялна




Гудамжаар хөглөрч хүмүүсийн хөлд гишгэгдэх
Гурвалжин навчис нарны илтэс шиг гялалзана
Гунхалзан алхах бүсгүйн өсгийнд торж үлдэхдээ
Гуниг үгүй шинэхэн учралыг ерөөж хоцроно

Над руу ойртож буй тэр олон өдрүүдийг би
Нарны туяатай нийтгээд алгаа дэлгэн угтана
Намиран долгилох зэргэлээн дунд мөрөөдөж
Надад жаргал авчирдаг гэгээн бодолдоо зураглана

Ганганан нисээд алсад уусдаг нүүдлийн шувуудад
Ганц нандин хүслээ шивнээд эргэж ирэхийг нь хүлээнэ
Гарцаагүй сэтгэлийн сайхнаар гэрэлтдэг  хүний хорвоод
Гал халуун зүрхнээсээ хайр цацруулж амьдрана аа
                     
                                              2011.09.23
                                            Э.Үржинханд

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл сэтгэгдлээ бичээд доорх Comment as: хэсгээс Anonymous сонголтыг хийгээд нууц кодоо оруулан Publish товчлуурыг дараарай. Баярлалаа.