Хэнгэнэтэл шүүрс алдах нэгний
Сэтгэлийн хөндүүрийг мэдэрлээ
Хэлтгий гишгэсэн мөр нь толбо болоод зурайчихаж
Хээнцэр цэцэг шиг дүр нь ишин дээрээ гудайчихаж
Хэлэхэд ч бэрх зовлон түүнд тохиолдсон гэнэм
Хэзээ хамгийн сүүлд ийм уйтай бороо шивэрлээ дээ
Хэтэрхий оройтсон зэмлэлд хүлээстэй өнжлөө гэнэ
Хэвнэгээ нөмөрч энгэрээ тэврээд өдөржин уйлав гэнэ
Хичнээн дуудаад ирэхгүй жаргалын хойноос мэгшлээ гэнэ
Хэрвээ болдогсон бол хорвоог орхимоор байна гэнэ
Хэцүү ч юм аа даа хувь тавилан гэдэг
Хийсэн нүүдэллэх үүлс, цаг хугацаа өөрөө
Хэний ч зөвшөөрөлгүй дур зоргоор болохоор
Хээрийн хамхуул, зуурдын бүхнийг
Хээв нэг арчиж орхидог болохоор
Одоо эцэсгүй урсах нулимсаа түр ч гэсэн арчаад
Орчлонд шинээр, нар мандахыг хараач
Хархан нүдэнд чинь шаргал туяа татуулж
Хамгийн сайхнаар гэрэлтэхийг үзээч
Хөгжмийн уянгалаг аялгуу сэтгэлийг чинь хөглөж
Хүний амьдрал юутай баялаг гэдгийг ухаараач
Үзэсгэлэн гоод чинь эрвээхэй хүртэл дурлаж
Үлэмжийн сайхан хорвоод амьд яваагаа мэдрээч
Э.Үржинханд
2011.04.12
No comments:
Post a Comment
Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл сэтгэгдлээ бичээд доорх Comment as: хэсгээс Anonymous сонголтыг хийгээд нууц кодоо оруулан Publish товчлуурыг дараарай. Баярлалаа.