Wednesday, May 11, 2011

Сергей Александрович.Есенин танаа


Сэтгэлийн гүнээс өргөх шүлэг минь энэ ээ
Сэрүүн бүрхэг энэ л өдөр хөргийг тань ширтэхэд
Сүмийн уйтгарт ая эгшиглэх шиг намуухан агаад
Сэмрэх бодолд минь ариуслын салхи хөвөлзөж байна
 
Харц чинь тунгалаг боловч далдхан гунигтай юм
Харин шүлэг чинь гунигтай авч ер бусын юм
Хамгийн сүүлд бичсэн гэх энэ л
Хагацлын шүлгийг чинь уншаад 
Хатан зүрх минь шимширч сууна
Халуун цусаа ханаад шүлэг сийлнэ гэдэг
Хамгийн агуу найрагчийн хосгүй бүтээл биш үү
Хан хорвоог орхиод гэгээн алсад одох нь ч
Хамаг орчлонд үлдээсэн мөнхийн хөшөө биш үү
Намтрыг тань дурсахад амьдрал ханхалж байна
Найргийн дарснаас тань ундаалахад
Шүлэг бичихгүй байж чадахгүй нь
Өнгө алаг хийгээд үнэн ховор орчлонгоос
Өөрийн хүслээр та буцах өргөдөл өгсөн байна
Эрэлхэг болоод энэрэнгүй гэмээнэ
Эцсийн мөчид ч шүлгээ цусаараа бичих
Яруу найрагчийн үхэл гэдэг
Яг л цэцэг шиг ариунаас ариун байна
Ийм эмзэг мэдрэмж хийгээд гэгээн ариуслыг
Энэ олон оны хойно эгэл би биширч сууна
Эрхэм найрагчийн авъяасыг зүрхний угаас хүндэтгэж
Элин халисны хойноос эмтрэхгүйн хатуужил өвлөж
Эдүгээ намайг шүлэг тэрлэн суугааг минь
Эс мэдэх нэг нь элэглэн шоолж ч юуны магад
Утга төгөлдөрийг та андаасаа сурсан байнам
Уянга төгсийг та найзаасаа сурсан гэнэм
Уйтгарт амьдралд та алдсан ч бай оносон ч бай
Ундрах дагшин булаг шиг онгод шүлгүүдийг чинь
Унших тусам далдын ертөнцөд зочилдогийн учир
Угаас хайртай найрагчдын минь нэг гэдгийг
Уудам тэнгэрт уламжилж таны сонорт хүргэмээр байна

Александрович Сергей Есенин танаа
Аминчлан бичсэн шүлэг минь энэ ээ

Анир чимээгүй энэ л агшнаа номонд тань шимтэхэд
Агуу найрагч таньтай уулзсан мэт гэгээн болоод
Аргадан мэлмэрмээр санаашралын салхи сэвэлзэж байна
                                            Э.Үржинханд
                              2009.03.18

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл сэтгэгдлээ бичээд доорх Comment as: хэсгээс Anonymous сонголтыг хийгээд нууц кодоо оруулан Publish товчлуурыг дараарай. Баярлалаа.