Wednesday, May 11, 2011

Хойд насандаа цэцэг болж төрөхгүй

Уул уулсын энгэрт чимэг болж
Урсах голын эргээр өнгө нэмж
Учралт хосын болзоонд бэлэг болж
Урд насандаа нэгэн цэцэг байлаа би


Болзоонд хайртдаа барих гэж дурлалт хос
Будгийн сайхнаар урлах гэж уран зураач
Бийрийн үзүүрээр шүлэглэх гэж яруу найрагч
Бадаг дуундаа мөнхлөх гэж дуучин болгон
Бүгд надад хайртай байсаан

Гоёмсог төрхөөрөө ургамлын дотроос
Гайхам үнэрээрээ цэцэгсийн дундаас
Ганцаараа бусдын харцыг булаасан
Гал халуун хайрын бэлэгдэл байлаа би
Улаан дэлбээтэй гоёмсогт хэн бүхэн дурладаг
Утсан ишин дээрээ гэвч хир удаан тогтохов
Хамгаас илүү үзэсгэлэнгээрээ орчлонд гайхууллаа ч
Хан хорвоогийн мандал дээр хичнээн наслана гэхэв
Харамсмаар богино тавилан тэр л байсан

Өмнөх төрөлдөө би цэцэг байлаа
Үнэрлэхийн төдийд дурласан бүхэн
Өрсөн тасдаж өөрийн болгодог
Өрөвдмөөр тийм л тавилан юм билээ

Нүдтэй бүхний хүсэл цуглуулж нүгэл болсноос
Нүүдлийн шувуудад аялгуу дайдаг дуучин байх минь яалаа
Ихэмсэг гоо төрхөндөө шунал хуруулж явснаас
Эгэл даруу эрдэмт нэгэн хүмүн болох минь яалаа
Энгүй хорвоод хүртэх жаргал тэр байхсан

Ялдам авхайн гэзгэнд хатгуур болж
Яруу найрагчийн шүлгэнд бадаг нэмж
Ямар сайхнаар намайг магтан дууллаа ч
Яавч би ахиад хойд насандаа цэцэг болж төрөхгүй
                                  Энхбаатарын Үржинханд

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл сэтгэгдлээ бичээд доорх Comment as: хэсгээс Anonymous сонголтыг хийгээд нууц кодоо оруулан Publish товчлуурыг дараарай. Баярлалаа.