Энэ зэвхийсэн тэнгэрийн байж байгаагээ гээд Жаргал нэг их томоор шүүрс алдсанаа өнгө өнгийн цэцгийн зурагтай гоёмсог аяганд кофе
найруулаад зөөлхөн буйдан дээрээ намсхийн суулаа. Тансаг байшингийнхаа цонхоор алтан торонд хоригдсон бялзуухай шиг гомдолтой
харцаар гадаах ертөнцийг ширтэн зогсоно. Хоёрхон хүнд бол хэтэрхий томдсон гэмээр, хамгийн сүүлийн үеийн тансаг тавилгаар
тохижуулсан энэ байр харахад хичнээн үнэтэй эд хогшил, байж болох өнгөтэй өөдтэй байдлаар тохижуулсан атал цаанаа л нэг
ганцаардмал, хүйтэн хөндий санагдана. Өдийд гэртээ байсан бол юу хийж байхсан билээ. Зуны ид налгар цаг юмсан. Ээж аав хоёр
маань амины жижиг хашаандаа ойр зуурын хүнсний ногоо, чацаргана, нохойн хошуу, үхрийн нүд зэрэг жимсний мод, бас болоогүй
гоёлын цэцэгнүүд тарьчихаад л түүнийгээ өглөө орой бүр өхөөрдөн харж, баярлан байгаа даа. Жагаа, миний охин босоорой, энэ сайхан
өглөөний тунгалаг нарыг хараач. Аав бид хоёрын чинь ургуулсан цэцэг хичнээн олон болсон гэж санана. Миний охин гарч ирээд хар л даа
гээд л хайр дүүрэн энхрий дуугаар аргадан дуудахад нь шал нойрмог би гэж хүн өдөн дэрнээсээ өндийж ядан суниаж, өрөөсөн нүдээрээ
харсан болоод – За за, одоохон. Намайг босоход наад цэцгүүд чинь байж л байх байлгүй дээ гэж хэлэх аядаад ярагласаар буруу хараад
унтчихдагсан. Унтаж унтаж үд дундын хэрд босоход ээж аав хоёр хэдийнээ талбай дээрээ зэрлэгээ зулгааж, ногоогоо услаад ид ажил
өрнүүлж суудаг. Яаж тэр хоёр тийм их аз жаргалтай аж төрж чаддагийг ердөө ч ойлгодоггүй байж дээ. Хүний газар гэдэг цаанаа л ондоо юм,
хөвөн зөөлөн ээжийн минь гар илбэн илбээд сэрээж чаддаггүй нойрыг хэн ч дуудаагүй байхад, юунд ч яараагүй байхад энэ хөшүүн том
байшин, саарал тэнгэр хоёр яагаад ч юм хулжааж орхино. Сургууль руугаа явъя гэхээр сурах хүсэл үл төрнө. Юун төлөө, яах ч гэж сурч
байгаа билээ, тэгээд ч тэнд очиж олны шившиг, түмний нүдний үзүүр, амны зугаа болох хүсэл алга. Тэр олон оюутнуудын дунд ямар
нийлээд байх ганц найз ч байх биш дээ. /Chung Hee/ Чунхи л байхад бүх зүйл болох юм шиг санагддаг байсан ч одоо бол ёстой
ганцаардахын гасланд автаж, далайн ёроолд аврал үгүй живсэн лонх шиг гол гонсойтол хоосон санагдана. Би гэдэг хүн шинэ газар, энэ
сургуульд анх ирэхдээ үеийн олон залуусын дунд үнэхээр анхаарал татам гялалзсан нэгэн байлаа.
Тийм ээ, юугаар ч үл дутаж амьдрана гэдэг миний ертөнцийг үзэх үзлийн гол тулгуур багана. Аав ээжийнхээ, ах дүүсийнхээ арав тавхан
төгрөгөөр арай ядан болгож, амь зуудаг байдлыг харахаар дотор эвгүйрхдэг байсныг нуух юун. Нэг л арчаагүй, цаанаа л унхиагүй дорой
санагддаг тул тэдэнтэй ярих ч хүсэл үл төрж зөвхөн тэр тамаас хэрхэн гарах тухай бодсоор нэг л өдөр мэргэжлээ сонгох амьдралын том
сонголт өмнө минь ирсэн билээ. Хүсэл мөрөөдөл, амьдралын гараа, ийм боломжийг Жаргал би яаж алдах вэ. Дуун дээр нь гадаад хэл л
бол аль ч яахав гэж зүтгэсээр байгаад орсон нь солонгос хэлний анги байв. Оюутан солилцоогоор тухайн улс руу нь явуулдаг гэсэн сургаар
хичнээн баярласан гэх вэ. Гэхдээ тийм ч амаргүй байлаа. Хамгийн гол нь би сайн сурах ёстой байтал энэ хар толгойд юу ч тогтохгүй шүү.
Арван жилийн сурагч байхдаа л хичээлдээ гойд сайн сурагч байгаагүйдээ төдийлэн харамсдаггүй. Онц дүнтэй төгссөн л бол сайн хүүхэд
гэх ойлголт миний хувьд арай өөр байсан юм. Дунд авчихалгүй хэрэгтэй хичээлээ сайн сурчихвал болно гэж боддог надад дүн бол огт
чухал биш байлаа. За энэ ч яахав, оюутан болсон анхны жил. Бүгд л хичээл ном, бие даалт, за цаашлаад урлагийн үзлэг энэ тэр гээд л
би ч тэдний эгнээн дунд манаргаж явсан ч дотроо тэс ондоо бодол тээнэ.Сайн сурах, тэргүүний оюутан болох, олон нийтийн ажилд
идэвхитэй оролцох энэ тэр бол үнэндээ цагийн гарз санагддаг байлаа. Харин яаж гадагшаа явах вэ, хэрхэн баян одууд шиг хүссэнээрээ
амьдрах вэ гэсэн ганц бодол л эргэлдэж байв. Тэгтэл орчлонгийн аз дагуулсан тэр нэгэн өдөр Дэлгэрмаатай танилцаж билээ.
Шув шулуун урт хар үсээ намируулан ангид орж ирэхэд нь гэрэл цацраад явчих шиг санагдсан юм. Харин ангийнхан маань түүнийг
өлмийнөөс нь эхлээд өөд уруугүй сонжиж, яагаад ч юм анхнаасаа тийм таатай хандаагүйн учрыг ч би сонирхсонгүй. Хөвгүүд Дэлгэрмаа руу
хөл алдан гүйж, охид таагүй ханддагийн учрыг мэдэж цөхөх юмгүй. Тэр хэнийг ч үл тоох бөгөөд хичээлд барагтай л бол суухгүй, гэвч
шалгалт шүүлгээс огт айхгүй. Өмссөн зүүсэн үнэтэй гоёл чимэглэл, биеэ авч яваа байдал нь дэндүү ч гэмээр хээнцэр, гоё дэгжин гэдэг
хэлэхийн аргагүй. Үнэхээр түүнээс сурах зүйл их бий гэдгийг хөдөлгөөн бүрээрээ сануулах шиг болдог байв. Өөр сургуулиас шилжиж ирсэн
энэ оюутан яалт ч үгүй миний найз болох хүн шиг санагдаж билээ. Ингээд Монголд суралцсан хоёр жил минь Дэлгэрмаатай хамт сонин
содон, адал явдлаар дүүрэн өнгөрөв. Сар гаруй хугацаанд найзалсаны эцэст Дэлгэрмаа нэгэн амьд хөгжмийн тоглолттой цэнгээний газар
оройн цагаар зөөгч хийдэгээ хэлж, үүнийгээ бүхнээс нууцлахыг надад үүрэг болголоо. Харин тэр нууцдаа гагцхүү намайг л нэвтрүүлсэн юм.
Чингээд нэгэн амралтын өдрийн орой хотын төвд байрлах өндөр зэрэглэлийн зоогийн газарт буюу ажил дээрээ хээнцэр дэгжин хувцаслаад
яг 22 цагт хүрч ирэхийг урилаа. (Үргэлжлэл бий) Э.Үржинханд
No comments:
Post a Comment
Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл сэтгэгдлээ бичээд доорх Comment as: хэсгээс Anonymous сонголтыг хийгээд нууц кодоо оруулан Publish товчлуурыг дараарай. Баярлалаа.